2014-2015 онд надад юу өгөв?

Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, сайн сайхан дурсамжууд, азгүй тохиолдлууд, баяр баясал авчирсан зүйлстэй, нэг ёсондоо сайн муу ээлж...


Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, сайн сайхан дурсамжууд, азгүй тохиолдлууд, баяр баясал авчирсан зүйлстэй, нэг ёсондоо сайн муу ээлжилсэн байдаг. Үүний нэгэн адилаар 2014-2015 он ч надад сайн муу олон зүйлсийг бэлэглэжээ.

1. Ажилдаа дуртай эсвэл ажлын донтой гэж найз нөхдөөсөө шүүмж ч юмшиг, магтаал ч юмшиг үг авдаг боловч үүнийг засья гэж нэг ч удаа бодож байсангүй. 2014 онд нийтдээ 38 судалгааны ард гарчээ. Үүний 25 нь зөвхөн зах зээлийн судалгаа байв. Судалгаа гэж юу болох, ерөнхий үйл ажиллагаа нь хэрхэн явагддаг талаар ойлгох гэж сүүлийн 6 жил тасралтгүй зөвхөн судалгаагаар ажиллаж байна. Гэсэн ч бүрэн төгс судалгааны know-how-г ойлгох хаа ч байсан юм гэсэн бодол жил ирэх тусам улам гүнзгий сууж байх юм. Үнэндээ юм хийх тусам мэдэхгүйгээ улам мэдрэх нь миний хувьд нэг ёсондоо хамгийн таатай зүйлсийн нэг гэж боддог. Найз нөхдийн хүрээнд ч эсвэл бизнесийн хамтрагчдын хувьд консалтингийн бизнес хийнэ, судалгааны бизнес хийх орон зай байна гэж ярьдаг, түүнийгээ хийх гэж шууд зүтгэж байгааг харахад БОЛООГҮЙ Л БАЙНА ДАА гэж хэлмээр санагддаг. Монголд судалгааны бизнесийн эрэлт хэрэгцээ одоо л үүсэж эхэлж байна, томоохон бизнесүүд судалгааг ойлгож, өдөр тутмын ажилдаа хэрэглэж сурч байна. Жижиг дунд бизнесийн салбарынханы хувьд судалгааг ойлгож, бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэж сураагүй л байгаа гэж би боддог. Найз нар минь судалгаа, консалтинг хийнэ гэж ярихын оронд СУРЧ, ОЙЛГОЖ, ТУРШЛАГА ОЛЖ АВЬЯ гэж ярих нь зөв шүү.

2. Креатив, Судалгааны агентлаг маань 2014 оны сүүлээр Монголын анхны олон улсын агентлаг болж, Азийн хамгийн ТОП-20 шинэ LAUNCH-н нэгээр шалгарсан. Энэ хамт олондоо байгууллагын дотоод мэдээллийн сан, төслийн удирдлагын програм хангамж, электрон номын сан гэх мэт дотоод самбар бүтээж үйл ажиллагаандаа нэвтрүүлж өгсөн маань нэг том амжилт маань байлаа. Миний хувьд 4-р сараас эхлэн өөрийн өөр нэг том зорилгын хүрээнд энэхүү ажлаа хүлээлгэж өгсөн боловч жилийн 2-р хагас хүртэл сар бүр бүтэн цалин урамшуулалтай, бүр амралтын мөнгө, улирал тутмын бонусаараа шагнуулсан. Өдийг хүртэл надад ирсэн шагнал урамшууллуудаас хамгийн сэтгэлд томоор үлдсэн, хамт олныхоо итгэлийг хүлээсэн бэлэг, шагнал байлаа.

3. Менежмент Консалтинг гэдэг миний хувьд оюутны ширээнээс салснаас хойш ажиллаж, хийж үзэхийг хүсдэг ганц зүйл маань байлаа. Энэхүү боломж энэ онд тохиосон. Монголын бизнесийн салбарынханы дунд аль хэдийнэ өөрийн гэсэн байр суурьтай, эдийн засаг, улс төр, бизнесийн орчинг маш сайн мэдэрсэн мэргэжлийн консалтант МАСАМИ ТАЗАКИ сан-тай хамтарч ажиллах боломж. Монголын томоохонд тооцогдох нэгэн компанид оны сүүлийн 5 сарын хугацаанд консалтинг хийж ажилласан нь эртний мөрөөдлөө биелүүлсэн сайхан тохиол байв. Энэ хүнээс их зүйл сурсан. Дахиад ч их зүйл сурмаар байгаа. Ирээдүйд дахин хамтарч ажиллах боломж гарна гэж найдаж байна, чи энэ байдлаараа хичээвэл сайн консалтант болох боломж байна шүү гэсэн үг хамгийн том урам авсан, итгэл өгсөн зүйл байлаа.

4. Менежмент Консалтинг, Менежмент Консалтинг. Энэ бол миний ирээдүйн бизнес. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг ойлгох, фанд менежер хэрхэн болох тухай, бизнес ярилцлага, бизнесийн соёлыг ойлгох тухай, бизнесийг хэрхэн эзний нүдээр харах, ажилчны нүдээр харах, хөндлөнгийн этгээдийн нүдээр харах - Энэ бүгд миний энэ жилийн нэг том амжилт. Муухайгаар хэлэхэд ӨЛӨН нүдтэй л байж сурах хэрэгтэй. Гадаад худалдаа, Борлуулалтын сүлжээ, Ачаа тээврийн терминаль, хөдөө аж ахуйн төслүүд гэх мэтчилэн хэд хэдэн онцлог төслүүд дээр гадаад, дотоодын олон түншүүдтэй хамтарч ажиллах боломж тохиосон.

5. Сангийн тэргүүн Батсайхан ах тэргүүтэй бидний хэсэг нөхөд ажлын цагаасаа хагаслан байж хийдэг НИЙГЭМД ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ӨӨРСДИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХ-д чиглэсэн шударга үйлсийн аян амжилттай болж, энэ жил бид ямар ч албан байгууллагаас дутахааргүй 31 оюутанд сургалтын төлбөр олгосон явдал юм. 31 оюутан, тэдний ар гэр ямар их баярлаж байгаа бол, тэднийг хичээл сургалтандаа анхаарахад ямар их ачааг нь авч хөнгөлж өгч байгаагаа төсөөлөхөд үнэхээр сайхан байдаг. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй, байгууллагуудын санхүү хүндэрсэн байдалтай байгаа боловч биднийг үргэлжлүүлэн дэмжсэн ХасБанк, Улаанбаатар Хотын Банк, Монголын Хөрөнгө Оруулалтын сан, Делойтте, Энержи Интернэшнл ХХК, Баянзүрх Консалтинг хуулийн фирм болон хувь хүмүүс, мөн бидэнтэй үргэлж хамтын ажиллагаатай байдаг Худалдаа Хөгжлийн банк, Хера Холдинг ХХК зэрэгт баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна. Тэтгэлэг гэдэг ямар үнэ цэнэтэй байдаг, ямар сайхан байдаг гэдгийг мэдэх хүний хувьд үнэхээр л өөрөө тэтгэлэг авч байгаа юмшиг оюутнуудынхаа өмнөөс баярласан...

Ирэх он ч төлөвлөсөн ажил ихтэй, өнөөдрийнхөөс илүү том зорилготой, надад ирэх бэлэг нь нүдэнд харагдсан сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. 

You Might Also Like

0 сэтгэгдэл