МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ГАДНЫХНААС ДУТАХГҮЙ ХИЙЖ ЧАДНА ГЭДГИЙГ ОЛОН САЛБАРТ ХАРУУЛЖ ЧАДСАНААРАА БИД БАХАРХДАГ

М-Си-Эс Группын нэр хүндэд УИХ-ын гишүүн Х.Баттулга удаа дараа халдаж, гүтгэсэнтэй холбогдуулан М-Си-Эс Холдингийн гүйцэтгэх захирал А. Ган...

М-Си-Эс Группын нэр хүндэд УИХ-ын гишүүн Х.Баттулга удаа дараа халдаж, гүтгэсэнтэй холбогдуулан М-Си-Эс Холдингийн гүйцэтгэх захирал А. Ганхуягтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-М-Си-Эс компанийг Хятадынх гэж Баттулга гишүүн яриад яваа. Энэ талаар тайлбар өгөөч? 
М-Си-Эс бол 100% үндэсний компани, хувь нийлүүлэгчид нь бүгд Монголчууд, Хятадын байтугай гадаадын нэг ч хүн М-Си-Эс-д хувь эзэмшдэггүй. Энэ бол зүгээр л эрээ цээргүй гүтгэлэг. Энэ компанийг анх үүсгэн байгуулсан, гол хувьцаа эзэмшигчид нь болох Од, Оджаргал нар бол Баянхонгорын гаралтай улсууд, М-Си-Эс-ийн гол эзэд хятадууд гэж байгаа нь Баянхонгорчуудыг хятадууд гэж хэлж байгаатай адил юм. Баттулга гишүүн ингэж гүтгэснийхээ төлөө М-Си-Эс-ээс уучлалт гуйдаггүй юм гэхэд Баянхонгорчуудаас уучлалт гуйх хэрэгтэй байх даа. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөөр эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлж байгааг гуйвуулж М-Си-Эс хятадын компани гэж яриад байгаа Баттулгын өөрийнх нь Женко компанийн харин 50 байтугай хувийг эзэмшдэг Билли гэж Сингапурын хятад байдаг шүү дээ. Женкогийн Genco.com.sg сайт руу ороод үзэхэд л тодорхой байгаа. Яагаад энэ компанийн хаяг Сингапурт байдгийн гээд судлаад байвал их юм гарах байх.
-М-Си-Эс группыг тендертэй холбож бичих нь бий. Үүнд тайлбар хэлэхгүй юу?
--Зах зээлийн эхэнд бүх юм олон улсын байгууллагын тендерээр явж байх үед тендер шударга явагдаж байсан. Тэр үед M-Cи-Эс журмын дагуу тендерт ороод ялсан тендерээ цаг хугацаанд нь хэл амгүй хийдэг. Ийм учраас гадаадын ялангуяа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны сонгон шалгаруулалтанд хамгийн их тэнцдэг компани байсан. Тендер гэдэг бол хэн сайн хийдгийг нь сонгон шалгаруулж байгаа болохоос биш хүн болгонд тэгшхэн хувааж өгч хийлгэдэг ажил биш. Бид Хятадын, Солонгосын зэрэг ихэвчлэн гадны компаниудтай өрсөлдөж тендерт оролцож байсан. Гадаадын компани тендерт ялбал мөнгө нь гадагшаа гараад явчих тийм нөхцөл байдлын дунд М-Си-Эс тендерт ялж тэр мөнгийг Монголдоо авч үлдэж байсан, Монголчууд өөрсдөө гадныхнаас дутахгүй хийж чадна гэдгийг олон салбарт харуулж чадсанаараа бид бахархдаг. Өнөөдөр бидний оролцож байгаа тендер их цөөхөн. Манай хэрэгжүүлж байгаа томхон төслүүдийн хүрээнд бид одоо тендер өгдөг байгууллага болчихоод байгаа. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Монгол инженерүүдийн гараар боссон Ухаа худаг цахилгаан станцыг барихад жижиг, том 80 гаруй компанийг тендерээр шалгаруулж, ажил гүйцэтгүүлсэн байна. Нөгөөтэйгүүр М-Си-Эс Интернэйшнл компанийн сүүлийн 3 жилийн орлогын 2 хувийг л төрийн тендерээр гүйцэтгэсэн ажил бүрдүүлжээ. Орлогын 98 хувь нь дан хувийн хэвшлийн захиалгат ажил байсан байна.
-М-Си-Эс компанийн барьсан Зайсан дахь хотхонд Засгийн газрын гишүүд амьдардаг юм уу? 
Манай Зайсан дахь хотхон 2007 онд ашиглалтанд ороод тэр жилдээ бүгд зарагдаад дууссан. Байр авсан хүмүүсийн хэд нь сайд болох, хэн нь сайд болсон хүнд зарах, түрээслэх нь бидэнд хамаагүй асуудал. Ер нь барилга бариад зарж байгаа компани байраа зарахдаа улс төрч байна уу, бизнесмен байна уу, малчин байна уу гэдгийг нь хардаггүй биз дээ. Мөнгөө төлж л байвал бидэнд хэн байх нь хамаагүй. Ийм яриа гаргаад байгаа Баттулга гишүүн зарагдаад дууссан хойно нь тэр хотхоны нэг айлд очоод ямар гоѐ байр вэ худалдах байр байгаа бол орьѐ гэж байсан л гэдэг юм.
-М-Си-Эс компани Засгийн Газартай тогтвортой байдлын гэрээг 70 жилээр байгуулах гэж байгаа юм уу?

-Засгийн Газартай М-Си-Эс биш Энержи ресурс компани тогтвортой байдлын гэрээ хийх хүсэлтээ тавиад хэдэн сар хэлэлцэж байгаа. Энэ гэрээ нь ямар нэг татварын хөнгөлөлт авах тухай биш шүү дээ. Одоо байгаа татвараа муутгаж өөрчлөхгүй шүү, тогтвортой байлгана шүү гэсэн санаа. Тэгэхгүй бол Энержи ресурсийн зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр гэх мэт өмнийн говьд хийсэн их бүтээн байгуулалтыг босгох гэж авсан зээл, хөрөнгө оруулагч нар эрсдэлд орж болзошгүй юм. Манай хэдэн улс төрчид нэг өдөр хууль санаачлаад л тооцоо, судалгаагүй татвар өөрчилж болзошгүй учраас л ийм хүсэлт тавьж байгаа юм. Өмнө нь ийм гэрээг дандаа гадны компаниудтай хийж байсан, бүр хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө нь хийж байсан. Харин Монголын үндэсний компаниудын консерциум Энержи ресурс хөрөнгө оруулалт хийчихээд, дараа нь гэрээ хийе гэж байгаа юм. Яагаад гадаадын компаниудтай хийчихээд үндэснийхээ компаниудтай хийж болохгүй билээ. Энэ гэрээг 70 жилээр хийх гэлээ гэдэг ч мөн л албаар гуйвуулж байгаа хэрэг. Хуулиараа 300 сая доллароос дээш хөрөнгө оруулалт хийвэл 30 хүртэл жилээр гэрээ хийж болно гэж заасан байгаа. Ухаа худагийн уурхай ашиглалтын нөөц 22 жил гэж тооцоолж байгаа, тиймээс үүнээс цааш сунгах хэрэг гарахгүй байх.
-Танай компанийг улс төрчидтэй холбосон яриа үе үе яваад байдаг. Танайд хувь эзэмшдэг улс төрч байдаг уу? 
- М-Си-Эс-т хувь эзэмшдэг Засгийн газрын гишүүд, улс төрч байхгүй ээ. Харин Мөнх-Оргил гишүүний гэр бүлийн хүн манайд ажиллаж байсан, багахан хувь эзэмшдэг. Үүнийг Хөрөнгө Орлогын Мэдүүлэгтээ албан ѐсоор мэдүүлсэн байгаа.
-Утаагүй зуух оруулж ирж бизнес хийгээд Мянганы Сорилын сангаас 42 сая ам доллар авсан гээд байгаа?
- М-Си-Эс групп 70 мянган зуухны үнэ 20 гаруй тэрбум төгрөгийг Голомт банкнаас зээл авч санхүүжүүлсэн. Урьдчилж мөнгө өгдөггүй, зуух зарагдаж байж мөнгөө олж авдаг ийм журамтай төсөл. Зуух бүрэн зарагдахгүй бол манай эрсдэл, хэн ч мөнгийг нь өгөхгүй. 70 мянган зуух бүгдий нь зарлаа гэхэд сорилтын сангаас орж ирэх татаас нийт 12 сая доллар орчим болно. Үүнээс өөр мөнгө өгч, авах гэрээ хэлцэл байхгүй, тэгэхээр 42 сая ор үндэсгүй зүйл. Зууханд зориулж 200 гаруй ажлын байр шинээр бий болгосон, үйл ажиллагааны зардлаа нөхөөд, зээлээ төлөөд л таарна, ашгийн төлөө биш утаа бууруулах л зорилгоор энэ ажилд оролцож байгаа.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн Яармагт хамгийн гайгүй явж байгааг Баттулгын компани гээд зогсоолоо гэж Баттулга гишүүн хэлсэн. Танай компанийн Яармагт барьж байгаа залуучуудын хорооллыг дайруулж хэлсэн гэж ойлгогдож байсан?
- Залуучуудын Шинэ гэр хорооллын хувьд борлуулалт нь бараг дууссан. Залуучуудаа орон сууцтай болгоѐ, бага талбайтай боломжийн үнэтэй орон сууц бариад өгье гээд зүтгэсэн чинь бас ийм ярианд орчихлоо. Ингэж дайраад байгаагийн цаад үнэн мөн нь ил болсон шүү дээ. Баттулга гишүүн салбарын сайдын албыг хашиж байхдаа өөрийнхөө туслах байсан залуугийн нэр дээрх нэг ч байшин бариагүй, нэг ч төгрөгний татвар төлөөгүй компанид Хятадын банкнаас 300 сая юаны зээл өгүүлэх гээд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулах гэж зүтгэсэн тухай хэвлэлээр яригдсан. Зээл авах болохоор мэдээж баталгаа хэрэгтэй, хэн ч мэдэхгүй компанид хэн баталгаа өгөхөв. Хөгжлийн банкаар тэр компанидаа хариуцлагыг нь хүлээлгэж, баталгаа гаргах гэсэн асуудал орж ирээд тэр нь мэдээж Засгийн Газар дээр хэлэлцэгдээд унагаачихсан юм байна лээ. 100 мянган айлын орон сууц барих гэж байхад манай барьж байгаа 1700 айлын орон сууц далайд дусал нэмэр болохоос биш хаанаас саад болох вэ дээ.

- Ярилцсанд баярлалаа.

You Might Also Like

0 сэтгэгдэл