Notes
Reflections
Аян замын тэмдэглэл - 2014/05-25-27 өдрүүд
10:55 AM
Тодорхой төслийн хүрээнд 2014-05-25 өдрөөс 27 өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогт-овоо- Цогтцэций-Ханбогд-Гашуун Сухайт хилийн боомт чиглэлд судалгааны ажлаар явсан тэмдэглэл болон өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна.
1. Авто зам
Улаанбаатар хотоос Цогт-Овоо сум хүртэл хатуу хучилттай, хоёр урсгалтай авто замаар холбогдсон, Даланзадгад хот хүртэл 2014 ондоо багтан бүрэн холбогдох төлөвлөгөөтэй байв. Авто замаар холбогдсон, тээврийн хувьд өмнө жилүүдтэй харьцуулахад тав тухтай, хурдан аюулгүй зорчих боломж бүрдүүлсэн нь маш их таалагдаж байв. Нөгөө талаас Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух авто зам гэдэг утгаар бахархах сэтгэгдэл давхар төрүүлж байсан юм. Энэхүү авто замыг тодорхой хэсгүүдэд хуваан Авто замын компаниудаар гүйцэтгүүлсэн байна. Гэвч компаниудын гүйцэтгэл харилцан адилгүй, замын зарим хэсэг илт сайн байхад зарим хэсэг хагарч цуурсан, суулт өгсөн зэрэг сөрөг зүйлс ажиглагдаж байв. Авто зам ашиглалтанд орсон ч гүйцэтгэгч компани тодорхой хугацаанд засвар, арчилгааг өөрсдөө хариуцан ажиллаж байх гэрээтэй байх хэрэгтэй санагдсан.
2. Цогт-Овоо, Цогтцэций сумын төв
Монгол Улсын хамгийн сайн хөгжсөн сум гэж тодорхойлж болохоор санагдлаа. Учир нь эдгээр сумдад Мандалговь хотын төвөөс олон худалдааны төв, ШТС, Улаанбаатар хотод харагддаг бүх л төрлийн авто машин, Айл бүрийн хашаанд дор хаяж нэг авто техник, 1-3 давхар байшинтай, сумын төв дотороо хатуу хучилттай замаар холбогдсон, бас нэг маш чухал зүйл нь амжиргааны өртөг нь Улаанбаатар хоттой ойролцоо болсон байсан юм. Хүн амын тоо эрс нэмэгдсэн, авто хэрэгслийн хөдөлгөөний ачаалал өндөртэй байсан нь сэтгэгдэл төрүүлж байв.
3. Цогтцэций-Гашуун сухайт чиглэлийн аялал [Говийн Зам ХХК-267 км зам]
Бид өглөө 9.40-с өдрийн 13.30 хүртэлх хугацаанд уг замаар Гашуун Сухайт хилийн боомт хүртэл зорчсон. Уг зам нь Энержи Ресурс ХХК-н охин компани болох Говийн Зам ХХК-н хөрөнгө оруулалтаар баригдсан, Таван Толгой уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэх зориулалттай зам юм. Авто замын хувьд гүйцэтгэл чанар сайтай, эвдэрч хэмхэрсэн зүйл багатай байсан нь таалагдав. Биднийг уг замаар зорчих хугацаанд уг зам дээр нийт 306 тээврийн хэрэгсэл зорчиж байв. Эдгээр тээврийн хэрэгслийн 265 нь нүүрс тээвэрлэх хүнд даацын ачааны машин, 31 машин нь зорчигч тээврийн авто машин, 10 авто машин нь зорчигчийн ачаа тээврийн авто машин байв. Уг замын төлбөр 2 талдаа бүтэн рейс хийхэд 260,000 төг орчим байдаг бөгөөд нүүрс тээвэрлэлт хийж байгаа компаниудын зарим нь уг замаар төлбөрөө төлөөд зорчиж байхад зарим нь хажуу талын шороон замаар зорчиж байсан бөгөөд эдгээр машинуудыг дээрх тоонд оруулаагүй болно. Говийн Зам ХХК-н хяналтын шалган нэвтрүүлэх 4 цэгтэй, цэг тус бүрт автомашинаа бүртгүүлж зорчдог, хурдны хязгаартай, хурд хязгаарлалт шалгах хөдөлгөөнт хяналт 5 км тутамд байсан нь аюулгүй тээвэрлэлт хийх, зорчих боломжийг олгож байна. Гашуун сухайт хилийн боомтоос наана Цагаан хадны нүүрс ачиж буулгах гаалийн хяналтын бүс байрладаг.
Эрдэнэс МГЛ ХК, Энержи Ресурс ХХК-с бусад компаниудын нүүрс уг хяналтын бүс дээр хүргэгдэж, Хятад талын авто машин орж ирэн эндээс ачилт хийн экспорт хийдэг бөгөөд энд ажиллаж буй хүмүүсийг хараад аргагүй өрөвдөх сэтгэл төрж байв. Энэхүү зурагт харуулсанчлан байнгын ийм нөхдөлд жолооч нар, ачигчид, үйлчилгээнийхэн бүгд зогсоо зайгүй ажиллана, дугаарлана. Амьдрахын төлөө ийм орчинд өөрийгөө ч хайрлалгүй хөдөлмөрлөж байгааг хараад үнэхээр өрөвдмөөр байв. Жишээлбэл нэг жолооч ах фудвольк өмссөн, биеийнх нь ил гарсан хэсэгт жижиг жижиг нүүрсний хэлтэрхий шигдчихсэн, хамар аманд нь нүүрсний тортог дүүрчихсэн харагдаж байв. Энд ажиллаж байгаа хүмүүс нь цалин өндөртэй гэдэг нэртэй боловч эрүүл мэндийн хувьд ингэж хохирч байгаа нь харамсалтай.
Цагаан хадны хяналтын талбай өнгөрөөд Говийн Зам ХХК-тай Оюу Толгой ХХК-н авто зам нийлж эндээс эхлэн Гашуун Сухайтын боомт хүртэл уг нэг замаар тээвэрлэлт хийнэ. Оюу Толгой ХХК-н тээвэрлэлтийг MCPEL, Омагла Монгол, Терра Экспресс, Хаан Шоргоолж, Өмнийн Говь нэгдэл ХХК-н нийт 220 орчим авто машинаар нэг авто машин дунджаар 20тн орчим зэсийн баяжмал тээвэрлэн экспортонд гаргаж байна.
4. Гашуун Сухайт хилийн боомт
Гашуун Сухайт хилийн боомтын өнөөгийн дүр зураг гээд харуулчих зүйл үнэндээ энд байхгүй. Монгол-Хятадын хилийн наана цаана хоёр төрх эрс өөр. Хилийн шугамын цаана өндөр барилга, бага хэмжээний хотхон харагдах бол хилийн наад талд Монголчуудын амьдардаг хэдэн контайнераас өөр харагдах зүйл байхгүй. Хилийн ажилчид ёс суртахуунгүй, хүнд сурталтай ажилладаг, Тээвэрлэлт хийж байгаа жолооч нар өдөртөө бүтэн дугаарлаж байж 2 хоногт 1 удаа хилээр орж гарах боломжтой. Хилийн наана Монголын талаас тээвэрлэлт хийж байгаа 100 гаруй авто машин дугаарлан зогсож, 1км гаруй урт цуваа үүсгэжээ. Хилийн шалган нэвтрүүлэх шугам нь 13 хаалгатай бөгөөд эдгээрийн 8 хаалгаар нь Энержи Ресурс ХХК-н тээвэрлэгчид, 2 хаалгаар нь Эрдэнэс МГЛ ХК-н тээвэрлэгчид, 2 хаалгаар нь Оюу Толгой ХХК-н тээвэрлэгчид, үлдсэн 1 хаалгаар нь зорчигч тээврийн хэрэгсэл орж гардаг байна. Гашуун Сухайт боомтын Хятад тал дахь боомтыг Ганц Модны боомт гэж нэрлэдэг бөгөөд энд Jia Yu гэдэг нэртэй терминаль байх бөгөөд уг терминальд экспортын бүх ачаа буудаг байна. Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу импортын ачаа Монголын талд, экспортын ачаа Хятадын талд ачиж буулгах ёстой боловч Монголын талд терминаль байхгүй тул ихэнх ачилт буулгалт Хятадын талд хийгддэг. Зөвхөн ОюуТолгой ХХК л гэхэд өнгөрсөн онд Jia Yu терминальд 20 сая ам.доллар орчим төлбөр төлсөн байх жишээтэй. Энэ хэмжэний мөнгийг дотооддоо авч үлдэхэд төрөөс ч, хувийн хэвшлээс ч анхаарал хандуулах хэрэгтэй санагдсан.
0 сэтгэгдэл